манай блог 2012 оны 08 сарын 18 нд нээв

Monday, August 20, 2012

Сургамжит түүхүүд 3


Сургамжит өгүүлэг ″СОХОР ЗООСНЫ ДУУЛЬ″
Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.
Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав.
Мөрний эрэг дээр амарч байхдаа аав нь:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- Ажил хийж сурлаа гэж гэнэ. Аав нь ажлын хөлсний ганц зоосыг нь авсанаа мөрний ус руу шидэж орхив.
Харин хүү гайхсан шинжтэй харсанаа юу ч хэлсэнгүй цааш явжээ.
Аав бас өөр нэгэн эзэнд урдийн адил болзолтойгоор өгсөн боловч нөгөө эзэн ч мөн л адил эргэлзэж байснаа тааваар нь нэг жил болгоод буцаажээ. Мөн харих замдаа ажлын хөлс ганц зоосыг нь ус руу шидсэн ч мөн урдийн явдал давтагдаж гэнэ.
Ингээд аав хаширсангүй бас нэгэн баян эзэнд зарцлуулахаар өгчээ. Харин энэ эзэн урдийн эздийн адил гайхширсан боловч “Энэ ямар нэгэн учиротай байх” гэж бодоод хүүг нь жирийн нэгэн барлагын адил ажилд зүтгүүлж өгчээ. Өглөө хар үүрээр хөөн ажилд гарган, үд дээр аяга усанд чанасан тутрага, орой ганц ширхэг эрдэнэ шишээр хооллон, харанхуй болтол ажилд зүтгүүлэн бүтэн жил талхиж гэнэ. Ингээд болзсон хугацаа болон аавд нь хүргэж өгөөд ажил сайн хийсэн гээд өөрийн санасанаар ажлийн хөлс төлөх гэсэн боловч аав нь зөвшөөрсөнгүй, тохиролцсоноо л өг гэж гэнэ. Ингээд хоёул буцаж яваад мөн л мөнөөх мөрний эрэг дээр амрахаар суув. Аав:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- За даа, аав минь дөнгөж л ажлын зах, зухтай л болж байна даа гэхэд аав гайхан ажлын хөлс ганц сохор зоосыг нь аван усруу шидэхээр далайтал хүү учиргүй сандран эцгийнхээ гарыг барин хорьж:
- Аав минь, энэ хэдийгээр ганц муу сохор зоос төдийхөн боловч миний бүтэн жилийн ажлын хөлс билээ гээд нүдэнд нь нулимс тунаж ирэхэд сая аав:
- Тийм байна, миний хүү үнэхээр ажил сурчээ. Урд нь хоёр удаа чиний бүтэн жилийн ажлын хөлс гэгдэж ирсэн зоосыг усруу шидэхэд чи огт тоохгүй байж билээ. Харин энэ ганц зоосыг чи үнэхээр хөлсөө гойжуулан, хүчээ шавхаж олсон болохоор чи усруу хийчиэхвий гэж бачимдан сандарч байгаагаас тодхон байна. Жинхэн ажлын хөлс гэж энэ дээ гэж гэнэ.
Ид шид ямар үнэтэй вэ?
Селли охиных өнөр өтгөн олуулаа нэг умгархан байранд амьдардаг айл байлаа. Селли охины бяцхан дүү нь маш хүнд өвчтэй бөгөөд тэднийд хөөрхий хүүг эмчлүүлэх мөнгө байсангүй. Селли охин нэг удаа аавынхаа “Хүүд минь одоо ид шид л тусална даа” гэж хэлээд санаа алдахыг сонслоо. Үүнийг сонссон Селли охин өрөө рүүгээ гүйн орж мөнгө цуглуулдаг бяцхан гахайгаа хага цохиод, байгаа бүх мөнгө ө аваад ойролцоох эмийн сан руу хар хурдаараа гүйлээ. Охиныг очиход эмийн сан хүн ихтэй байв. Бяцхан охин эмийн санчийн анхаарлыг татах гэж нэлээн тэвчээртэй хүлээсний эцэст эмийн санч:
-Охин минь, чамд юугаар туслах вэ? Хурдхан шиг хэлээрэй, ах нь чиний ард ноёнтонд бас үйлчлэх хэрэгтэй байна гэлээ. Охины ард гоёмсог хослол өмссөн нэгэн ноёнтон байлаа.
-Надад ид шид хэрэгтэй байна гэлээ. Эмийн санч:
-Охин минь энд ид шид зардаггүй. Чамд тийм их хэрэг болоо юу? Тусалж чадахгүй нь дээ гэлээ. Охин:
-Та надад ид шид өгөөч. Надад тун их хэрэгтэй байна. Манай дүү хүнд өвчтэй гэртээ байгаа л даа. Дүүд маань ид шид л тусална гэж аав хэлсэн. Ид шид ямар үнэтэй юм бэ? Би худалдаж авъя. Надад хангалттай мөнгө байна гэж хармаандаа байгаа мөнгөө чанга атгасан хэвээрээ хэллээ. Энэ үед охины ард зогсож байсан ноёнтон ярианд оролцож
-Чамд тэгээд хэр их мөнгө байгаа юм бэ дээ? гэв. Охин:
-1 доллар 10 цент гэж хариуллаа. Нөгөөх ноёнтон инээмсэглээд:
-Энэ мөнгө чинь тэгээд ид шид худалдаж авахад хүрнэ гэж бодож байна уу гэж асуухад охин:
-Яг хүрнэ гэж бодож байна ноёнтоон гэж итгэл төгс хариуллаа. Ноёнтон “Яг зөв охин минь, наад мөнгө чинь ид шид худалдаж авахад хангалттай хүрнэ” гэж хариулаад нэг гартаа охиныг хөтлөн нөгөө гартаа мөнгөө барин охины гэр лүү явлаа. Тэр гоёмсог хослолтой ноёнтон алдартай мэс засалч Кард Амундсен гэж хүн байлаа. Мэс засал амжилттай явагдаж бяцхан охины гэр баяр хөөрөөр дүүрлээ. Аав нь харин энэ үнэтэй мэс засал ямар үнэтэй хийгдсэнийг мэдэхгүй гайхашран суух тэр үед Селли охин хөөрхөн дүүгээ харан “Алтан гартай цагаан халаадтай энэ эмч нар чинь ёстой жинхэнэ ид шидтэнгүүд юм даа” хэмээн дотроо инээмсэглэн зогслоо. Мэс засал ямар үнэтэй байсныг ганцхан Селли охин мэдэж байсан бөгөөд мэс засал яг 1 доллар 10 центийн үнэтэй байлаа.
Бяцхан инээмсэглэл
Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санав. Тэгээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв. Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ. Зөөгч хүү хэзээ ч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв. Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхрын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж, хөлдөж үхэхээс аварчээ. Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв. Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга хуцан өвгөнийг сэрээв. Өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварсан аж.



No comments:

Post a Comment